ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЧИЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Луис Шмидт Монтес-ийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авч Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Чилийн харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгааг тэмдэглэж, хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Монгол Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайд хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Монгол, Чили нь уул уурхай зонхилсон эдийн засагтай орнуудын хувьд энэ салбарын хамтын ажиллагаанд анхаарал тавьж ажиллахаа нотлов. Мөн Монголын зах зээлд Чилийн жимс зэрэг эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэх арга замыг эрэлхийлж ажиллах болно гэв.

Манай хоёр орон 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгохоор ажиллаж байна.

 

НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Эд Кроненбургийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Э.Кроненбург Итгэмжлэх жуух бичгийн хувийг Төрийн нарийн бичгийн даргад гардуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах гэж буйдаа сэтгэл өндөр байна гээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүхий л талаар хичээн ажиллахаа илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Э.Кроненбургт Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд нидерландын хөдөө аж ахуйн технологийг Монголд нутагшуулах, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг чухалчлав.

ГАНА УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Гана Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Эдуард Боатенг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайдад баяр хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Тэрбээр Гана Улсын олборлох салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар сонирхож, санал солилцов.

Элчин сайд Э.Боатенг манай хоёр орон өнгөрсөн 50 гаруй жилд найрсаг сайн харилцааг хөгжүүлж ирснийг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.  Гана улс нь газрын тос, алт олборлолтоороо арвин туршлагатай бөгөөд тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь какао аж.

Монгол Улс, Гана Улсын хооронд 1965 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.