“ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЛОНДОН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор “ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЬЕ” хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “BritishEdu” боловсролын байгууллагын санаачилгаар Лондон дахь Монгол сургалтын төвд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Элчин сайд Н.Тулга оролцож, Британид монгол хэл зааж буй багш нарын төлөөлөлтэй уулзаж, бага боловсрол нөхөн эзэмшүүлэх багшийн гарын авлагыг багш нарт гардуулан өглөө. Мөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга, ХБНГУ-ын Штутгарт хотын Монгол сургуулийн багш Ө.Оюунтүлхүүр хэлэлцүүлэгт видеогоор холбогдон оролцож, хилийн чанад дахь монгол сургуулиуд БСШУСЯ, ГХЯ зэрэг байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар танилцуулан tsahim.reader.mn цахим сурах бичгийн талаар мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Манчестер дахь Монгол сургуулийн багш С.Мөнхтуяа, Ноттингхам дахь Монгол сургуулийн багш Д.Оюунчимэг, Лондон дахь Монгол сургалтын төвийн багш Д.Туяа нар монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж буй туршлагаасаа хуваалцахаас гадна “BritishEdu” боловсролын байгууллагын зөвлөх П.Ууганбаяр, Л.Эрдэнэчимэг нар эх хэлээ өвлүүлэн үлдээж буй бусад орны жишээний талаар илтгэл тавин эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Британи дахь монгол хүүхдүүдэд монгол хэл зааж буй багш, сургалтын төвүүд цаашид хоорондоо нягт уялдаатай ажиллах, туршлагаа харилцан солилцох талаар санал нэгдсэн нь хэлэлцүүлгийн нэг үр дүн байв. Цаашид хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулахаар болов.