ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ “ОНЛАЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭВСЭЛ”-ИЙН БЕРЛИНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Холбооны Гадаад хэргийн яам “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн бага хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд Берлин хотноо зохион байгуулав. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дээрх арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс онлайн эрх чөлөө, хүний эрх болон сошиал медиатай холбогдуулан баримталж буй бодлого, байр суурийн талаар мэдэгдэл хийв.

Дэд сайд Б.Батцэцэг бага хурлын хүрээнд Норвегийн Вант Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Аудун Халворсентэй уулзаж, Монгол-Норвегийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, тэр дундаа хоёр орны ГХЯ-д хоорондын яриа, хэлэлцээний механизм болох улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж байх, мөн түүнчлэн НҮБ-ын хүрээнд нэг нэгнийгээ харилцан дэмжих замаар хамтран ажиллахаар ярилцав.