НИЙСЛЭЛ ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн-ыг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж байгаа НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд гарч буй зарим өөрчлөлтүүд, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл, санал солилцов.

Гадаад харилцааны сайд дээрх шинэчлэлтэй холбогдуулан гарах аливаа шилжилтийн үйл явц, өөрчлөлтийг Засгийн газрын зүгээс аль болох ойлгож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно. Мөн уулзалтын үеэр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, үүнийг шийдвэрлэх арга замын талаар талууд саналаа солилцов.