МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

  1. Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотлож,  улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.
  2. Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
  3. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийг Монгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.
  4. Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.
  5. Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын  хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.
  6. Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.
  7. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.
  8. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.
  9. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав. 
  10. Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.
  11. Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.
  12. “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.
  13. Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.
  14. Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.
  15. Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.
  16. Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.
  17.  Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ