ЭМГЭНЭЛ

ИШЦОГИЙН ОЧИРБАЛ
/1934-2018/
 

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ишцогийн Очирбал 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

И.Очирбал 1934 онд Увс аймгийн Зүүн-Хангай суманд төрж, 1953 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1953-1960 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1977-1979 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, орос, англи хэлний мэдлэгтэй нэр хүндтэй дипломатч байсан юм.

Тэрбээр 1960 оноос ГХЯ болон түүний системийн байгууллагад тасралтгүй 37 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд референт, гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлтсийн орлогч дарга, зөвлөх, дарга, газрын захирал болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Тэрээр Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх, НҮБ-ын дэргэд суугаа БТГ-ын үйл ажиллагааг эхлүүлж, ажлыг нь төлөвшүүлэхэд биечлэн оролцсон олон талт дипломатын анхны зүтгэлтний нэг байлаа.

И.Очирбал нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд, түүний дотор хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байхдаа хоёр орны харилцааг бүхий л чиглэлээр урагшлуулах, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Швед, Норвеги, Дани, Исланд улсуудад хавсран суугаа Элчин сайдаар ажиллаж эдгээр орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

Тэрбээр 1990-ээд онд АБНЕУ-д Элчин сайдаар ажиллахдаа Монгол-Ойрхи Дорнод, Монгол-Персийн булангийн орнуудын харилцааг шинэ шатанд гаргах үйлсэд идэвх чармайлт гаргаж ажиллаж байв. Мөн Монгол-Израйлын хооронд дипломат харилцааг тогтоох, харилцааны үндсийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан болно.

Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Засгийн газрын жуух бичиг, Халх голын 40 жилийн ойн медаль зэрэг төрийн өндөр дээд шагналаар шагнасан байна.

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Очирбалын эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ,
О.СОДБИЛЭГ, Д.ЦОГТБААТАР, Ц.НЯМДОРЖ, Ч.ХҮРЭЛБААТАР, Б.ЧОЙЖИЛСҮРЭН,
Н.ЦЭРЭНБАТ, Г.ЗАНДАНШАТАР, Л.БОЛД, С.БАТБОЛД, Н.ЭНХБОЛД,
Ц.МӨНХ-ОРГИЛ, Н.ОЮУНДАРЬ, Б.БАТЦЭЦЭГ, Д.ДАВААСҮРЭН,
Э.НАСАНБАТ, Д.БАТСАЙХАН