ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Лодойдамбын Галбадрах нарт гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж дипломат дээд цол болох Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олголоо. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Дипломат цол гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994 оноос эхлэн дипломат албанд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албыг төрийн албаны мерит зарчмаар хааж, өндөр үр бүтээл гаргасан байна. Танд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээж байна.

Манай гадаад харилцаа нь эдийн засгийн аюулгүй байдлыг дипломат арга замаар бэхжүүлэх, хөгжүүлэхэд илүүтэй чиглэгдэх ёстой цаг үед ирснийг энд онцлон дурдах байна” гэлээ.

Мөн Онц бөгөөд бүрэн Эрхт элчин цолоор Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Батлайн Чулуунхүү, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт олгосон байна.