ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2018 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс (МҮК)-ын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 1 дүгээр сарын 18-ны өдөр ГХЯ-нд болж, комиссын  гишүүд болон холбогдох яамд, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Д.Цогтбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Боловсрол 2030” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын 2016-2021 оны хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ЮНЕСКО-гийн МҮК 2018 онд тодорхой үр дүн, ахиц гарган ажилласныг тэмдэглэв. Түүнчлэн 2018 онд хийсэн томоохон ажлуудыг дүгнэж, ололт амжилтуудыг сайшаан, цаашид анхаарах асуудлуудын талаар чиглэл өгсөн байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, ЮНЕСКО-оос үзүүлдэг санхүүгийн дэмжлэг, туслалцаа буурсан хэдий ч санхүүгийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж ажилласан нь үр дүнгээ өгсөн, ЮНЕСКО-гоос зохион байгуулж буй ач холбогдолтой хурал, уулзалтуудад идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэхээс гадна олон улсын шинж чанартай хэд хэдэн хурлыг амжилттай зохион байгуулсаныг сайд Д.Цогтбаатар онцлов.

Хурлаар ЮНЕСКО-гийн МҮК-ын 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс болон ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага юм.