ЕРӨНХИЙ САЙДЫН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Б.МӨНХЖИН АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабияа Аль-Тунэйжиг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх салбар болон дээд, өндөр түвшний айлчлалын асуудлаар санал солилцов. Зөвлөх Б.Мөнхжин АНЭУ-ын Гадаад хэргийн Төрийн сайд Рийм бинт Ибрахимын 2018 онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал алхам болсныг онцлоод айлчлалын үеэр яригдсан зүйлийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Абдулла Аль-Тунэйжи АНЭУ Монгол Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглээд АНЭУ-ын иргэдийн виз авах нөхцлийг хялбаршуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.