ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН КАНАДАД АЖИЛЛАЖ БАЙНА

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Канад Улсад ажиллаж байна. Тэрбээр Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаштай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бүр өргөжүүлэх талаар ярилцав.

Уулзалтаар хоёр орны Дугуй ширээний VIII уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хамтын ажиллагааны замын зураглалыг гаргах, харилцааны түвшинг ахиулах, Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, олон талт болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллахаар тохиролцов. 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдах Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээнд канадын талыг оролцохыг урьсанд талархан хүлээж авав.

Монгол Улс, Канад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг амжилттай хамтран тэмдэглэснийг канадын тал онцолж, ярилцсан асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Экспортыг дэмжих байгууллагын Ерөнхийлөгч Бэнуа Дэньютэй уулзаж, тус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад оруулсан Канадын хөрөнгө оруулалтын талаар,  цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Ерөнхийлөгч Бэнуа Дэньюд илгээсэн захидлыг гардуулав.

Мөн тэрбээр Канадын ГХЯ-ны Гадаад худалдааны газрын Ерөнхий захирал Дуанэ МакМюллен, Зүүн Хойд Азийн газрын Ерөнхий захирал Сара Тэйлор нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг өргөжүүлэх, Канадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг байгуулах талаар ярилцав.