ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, Хүний эрхийн зөвлөлийн чуулган, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх конвенцийн хорооны гишүүдийн сонгууль зэрэг хоёр улсын НҮБ-ын хүрээний хамтын ажиллагааны зарим асуудлын талаар санал солилцов.

Мөн үеэр дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот, Шинжаан-Уйгурын болон Өвөр Монголын Өөртөө Засах орнуудад хийсэн айлчлалын мөрөөр авах арга хэмжээ, хоёр орны консулын харилцааны зарим асуудлыг хөндөж ярилцлаа.