ЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД БРИТИШ КОЛУМБИ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧИД БАРААЛХАВ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 1 дүгээр сарын 27-31-ний өдрүүдэд Канад Улсын Ванкувер хотноо ажиллаж байна.

Тэрбээр Бритиш Колумби мужийн Амбан захирагч Эрхэмсэн хатагтай Жанет Аустинд бараалхаж, Бритиш Колумби мужтай боловсрол, соёлын солилцоог өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, ойн чиглэлээр туршлага судлах, монголчуудын холбоонд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Амбан захирагчийг Монголд айлчлахыг урьсанд талархан хүлээж авлаа.

Элчин сайд Бритиш Колумби мужийн Хөдөлмөр эрхлэлт, худалдаа, технологийн сайд Брюс Ралстонтой уулзаж монголын талаас ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, канадын талаас машин механизмыг экспортлох, тус мужийн мэргэжлийн сургалт болон хөгжиж буй эдийн засагтай харилцах бодлогын чиглэлээр туршлага судлах боломжийн тухай ярилцав.

Канадын Эрдэс баялаг, уул уурхайн ассоциаци болон Канад, Евроази, Оросын бизнес зөвлөл “CERBA”-аас хамтран зохион байгуулсан Эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалтын хэлэлцүүлэгт оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар илтгэл тавив.