ЭМГЭНЭЛ

ЧОЙН ХУНЖАВ

/1932-2019/

 

Ахмад дипломат Чойн Хунжав 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ч.Хунжав 1932 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. 1949 онд Увс аймгийн Улаангом хотын дунд сургууль, 1957 онд Улсын багшийн дээд сургууль, 1969 онд ОХУ-ын Гадаад яамны дэргэдэх  Дипломатын дээд сургуулийг тус тус төгссөн. Монгол хэл-утга зохиолын багш, олон улсын харилцааны мэргэжилтэй. Орос, франц хэлний мэдлэгтэй.

Ч.Хунжав нь 1957-1961 онд Багшийн сургуулийн болон Улаанбаатар хотын МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1961-1962 онд Москва дахь ЭСЯ-ны дэргэдэх МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1963-1967 онд МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1970 оноос хойш ГХЯ болон түүний системийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, ГЯЯ-ны Гадаадтай соёлоор харилцах хэлтсийн дарга, Гэрээ эрх, түүх архивын хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, Захиргааны хэлтсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв.

Ч.Хунжав нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсаас гадаад орнуудтай тогтоосон хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, түүний дотор Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэшсэн дипломат бөгөөд хоёр орны хооронд дээд, өндөр болон бусад түвшинд хэрэгжсэн албан ёсны айлчлалуудыг хэрэгжүүлсэнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны яамны дотоод мэдээллийг үр өгөөжтэй болгох зорилгоор мэдээллийн ажлын заавар боловсруулах, яамны газар, нэгжүүд, ДТГ-уудын үүрэг, зорилтыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байв.

 

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,
Гадаад харилцааны яамны хамт олон,
Гадаад харилцааны яамны дэргэдэх Ахмадын хороо