“МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ БА ДИПЛОМАТ АЛБА” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛОВ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний өдөрт зориулж “Монгол Улсын тусгаар тогтнол ба Дипломат алба” сэдэвт уулзалт Төрийн ордонд боллоо.

Гадаад харилцааны яамны зохион байгуулсан уг уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дипломат бодлого, тусгаар тогтнолын баталгааны талаар хэлсэн үгэндээ “… Тухайн үед Монгол Улсыг Зөвлөлт Орос Улсаас өөр нэг ч гадаад улс хүлээн зөвшөөрдөггүй байсан бол эдүгээ манай улс 192 улстай дипломат харилцаатай болоод байна. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаатай болоход 2-хон улс үлдэв. Өнөөдөр Монгол Улс гадаадад 41 дипломат төлөөлөгчийн газартай, гадаадын улс орнуудаас 38  дипломат төлөөлөгчийн газар манай улсад ажиллаж байна. Мөн одоогийн байдлаар олон улсын 70 байгууллагад гишүүнээр элслээ. Миний анх санаачлан дэвшүүлж байсан Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах үйл ажиллагаа маш үр дүнтэй хэрэгжээд байна” хэмээн онцоллоо.

Уулзалтад Төрийн соёрхолт, доктор Д.Өлзийбаатар “Тусгаар тогтнол ба эх оронч үзэл”, Түүх, археологийн хүрээлэнгийнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Хишигт “Монголын тусгаар тогтнолын үйл хэрэг-Д.Сүхбаатар”, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Төмөрхүлэг “Тусгаар тогтнол ба хөгжил”, түүхийн ухааны доктор Ц.Батбаяр “Тусгаар тогтнол ба гуравдагч хөршийн бодлого” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ.