ЭЛЧИН САЙДЫН ЯАМ КАНАД УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ӨВЛИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

Канад Улсын Амбан захирагчийн ордон, өргөө байрлах цэцэрлэгт хүрээлэнд жил бүр зохион байгуулагддаг Өвлийн баярын арга хэмжээнд Элчин сайдын яам оролцлоо.

Арга хэмжээний үеэр Элчин сайдын яам Монгол орныхоо өвлийн аялал жуулчлал, Цагаан сар, өвлийн спортын үйл ажиллагааны талаар танилцуулсан гэрэл зургийн цомог, ноолууран бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн гаргаж арга хэмжээг сонирхохоор ирсэн зочдыг буузаар дайлж, Монгол орны соёл, зан заншлыг сурталчлав.

Амбан захирагч Жюли Пает Өвлийн баярын нээлтийн үеэр Оттава дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Я.Ариунболд Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн мэндчилгээ захидлыг Амбан захирагчид гардуулж өгсөнд тэрбээр талархан хүлээж авлаа. Хатагтай Ж.Пает нь Амбан захирагчаар ажиллахаас өмнө Канадын Сансрын агентлаг болон АНУ-ын НАСА-д ажиллаж байсан бөгөөд 2 удаа сансарт ниссэн туршлагатай юм.

Амбан захирагч болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын дарга ЭСЯ-ны асарт зочилж, Өвлийн баярт оролцсонд талархал илэрхийлэв.