Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын 4 дэх удаагийн Стратегийн яриа хэлцээний зөвлөлдөх уулзалт 2 дугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Талууд яриа, хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дээд, өндөр түвшинд болон хоёр талын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх, энэ онд тохиож буй Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, гурван талт болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.