ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АНУ-ЫН МСК-ЫН ЕВРОП, АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ЛАТИН АМЕРИКИЙН БҮС НУТАГ ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр АНУ-ын МСК-ын Европ, Ази, Номхон Далай, Латин Америкийн бүс нутаг хариуцсан захирал хатагтай Каролин Нуен-г хүлээн авч уулзав. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон МСК-ын төлөөлөгчид байлцав.

Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Компакт гэрээний Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Уг гэрээ нь Мянганы сорилтын Компакт гэрээний хэрэгжилт, талуудын үүрэг оролцоо, татвараас чөлөөлөх зэрэг чухал асуудлыг нарийвчлан зохицуулсан баримт бичиг юм. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Компакт гэрээний хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нэгэн чухал зорилт биелэлээ олж буйг талууд онцлон тэмдэглэв.

Хатагтай К.Нуен Компакт гэрээ хэрэгжих хугацаанд МСК-ыг төлөөлөн Монгол Улсад ажиллах Суурин захирал ноён Алекс Рассиныг уулзалтын үеэр монголын талд албан ёсоор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын МСК Монгол Улсын усны салбарт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бөгөөд Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм.