УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЬЯБАЗАР ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, ТОРОНТО ХОТОД АЖИЛЛАВ

 УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УИХ-ын гишүүд, УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс ХК-ийн удирдлагын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй олон улсын уул уурхайн PDAC-2019 чуулга уулзалтад оролцов.

Уул уурхайн салбарын олон улсын хамгийн том, нэр хүнд бүхий энэхүү чуулга уулзалт 87 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани оролцлоо.

2019 оны 3 дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид PDAC2019 олон улсын чуулга уулзалтын нээлтэд оролцов. Мөн өдөр Сайд чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимд Монголын компаниудын гаргасан үзэсгэлэнтэй танилцлаа.

Энэ өдөр Монгол Улсыг сурталчлах Mongolia@PDAC2019 форум зохион байгуулав. Форумын нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.

Форумын үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн нь Монгол Улсын уул уурхайн салбарт баримталж буй бодлогыг олон улсад суртчилсан чухал арга хэмжээ боллоо. Форумд 250 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, зочид оролцов.

3 дугаар сарын 4-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад Улсын Олон улсын худалдааны сайд Жим Карртай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Сайд Д.Сумъяабазар Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Амаржийт Сохитой уулзах үеэр талууд Монгол, Канадын хооронд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэх байр сууриа харилцан нотлов.

Сайд Д.Сумъяабазар Канад Улсын Экспортыг дэмжих сангийн Төслийн санхүүжилтийн газрын захирал Френк Келлиг  хүлээн авч уулзан Канадын уул уурхайн тоног төхөөрөмжийн экспортын зээлийн шугам бий болгох саналыг ажил хэрэг болгох талаар санал солилцлоо.

Сайд тэргүүтэй төлөөлөгчид Торонтогийн хөрөнгийн биржийн Уул уурхайн салбар хариуцсан захирал Дийн Макферсонтой уулзаж, Монголын уул уурхайн компаниудын хувьцааг олон улсын биржид гаргах, давхар бүртгэл хийх боломжийг нэмэгдүүлэх, давхар бүртгэлтэй компанийн хувьцааг хөрвүүлэх боломжийг бүрдүүлэх талаар ярилцав.

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Уул уурхай, эрчим хүчний сайд нарын олон улсын дээд хэмжээний ээлжит чуулга уулзалтад оролцов.

Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн сайд Балдо Прокурика, ХБНГУ-ын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Монголын Оливер Виттке нартай хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар уулзаж, санал солилцов.