ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ЛОНДОН ХОТНОО АЙЛЧЛАЛ ХИЙВ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр Лондон хотноо ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд сайд Ц.Даваасүрэн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Филд, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Жулиан Найт, Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Грогэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью болон Британийн эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, эрчим хүчний компаниудын төлөөллүүдтэй тус тус уулзаж хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, ухаалаг эрчим хүчний системийн талаар санал солилцов.

Сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбоотойгоор эрчим хүчний салбарын бүх шатанд ухаалаг систем хэрэглэхийг зорьж ажиллаж байгааг тэмдэглээд, цаашдаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг систем, инноваци нэвтрүүлэх төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа хийсэн уулзалтуудын үеэр илэрхийлэв.