PEACEBOOK ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилготой анхны PEACEBOOK Форум 2019 оны 4-р сарын 5-ны өдөр ГХЯ-нд боллоо.

ГХЯ-наас төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын дипломат төлөөлөгчийн болон суурин төлөөлөгчийн газрууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан форумыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.

Форумыг нээж Гадаад харилцаанны сайд Д.Цогтбаатар нийгмийн сүлжээний эерэг, сөрөг нөлөөний талаар тодорхой жишээгээр тайлбарлаад, “…өнөөгийн ертөнц дэх хэт их хагарал бутрал, дургүйцэл, хараал зүхэл зэрэг нь хүн болгоны толгойд суугаад эхлэхээр хоорондоо мууддаг. Гэтэл бид муудах эрхгүй, цөмийн зэвсэгтэй ертөнцөд амьдарч байна. Эв эе, энхтайвны үйлсийг Фэйсбүүкээр дамжуулан түгээе гэсэн саналыг дэвшүүлж байна. Тийм учраас бид “PEACEBOOK forum” гэж нэрлэсэн” хэмээн онцоллоо.

Арга хэмжээнд Facebook, Inc. компанийн төлөөлөгч урилгаар оролцож, сошиал медиагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох, илүү үр ашигтай хамтын ажиллагаанд хөтлөх боломжуудын тухай илтгэл тавьж, хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Форумын бас нэгэн онцлог нь Улаанбаатар хотын Жамъян гүний гудамжинд анхны Сошиал Медиа хана-ыг нээсэн явдал байлаа. Монголын уран бүтээлчдийн урласан уг хананы өмнө хэн ч зургаа авахуулж, сошиал медиа дээрээ тавих боломжтой, хүүхэд залуусын болон жуулчдын ирэх дуртай газар болно гэдэгт форумыг зохион байгуулагчид итгэж байна.