ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.ТАКАОКА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Японы харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан ажлууд эхнээсээ хэрэгжиж байна, цаашид эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Түүнчлэн талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглэж, 2019 онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын талаар санал солилцов.

Элчин сайд М.Такаока Монгол Улсаас Япон Улс руу ур чадвартай ажиллах хүч илгээх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт талууд энэ сарын дундуур гарын үсэг зурах гэж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд энэхүү Санамж бичиг зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.