МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ГХЯ ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Энэ сарын 10-ны өдөр Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын ээлжит  зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, узбекистаны талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Х.Ахатов нар ахалж, Монгол, Узбекистаны харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбарт уялдаа холбоотой хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол, Узбекистан хоёр улс түүх, соёлын өв уламжлалын хувьд гүнзгий холбоотой, найрсаг харилцаатай улсууд бөгөөд Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгаа”-г тэмдэглэв.  Тэрээр улс төрийн харилцааг бэхжүүлэхэд юуны өмнө ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын чухлыг дурдав. Мөн улс төрийн харилцааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал хэрэгжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлоход бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлж, юуны өмнө Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд шууд харилцаа тогтоохыг санал болгов.

Дэд сайд Д.Х.Ахатав “Хоёр улсын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 9 жилийн дараа ийнхүү болж байгаа”-г дурдаад цаашид энэхүү уулзалтын давтамжийг ойртуулж, хоёр жил тутам уулзаж, санал мэдээлэл солилцож байх тухай манай талын саналыг дэмжиж хүлээн авав. Мөн харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр талын холбогдох баримт бичгүүдийг байгуулах ажлыг шуурхайлахын сацуу ирэх жилүүдэд Монгол, Узбекийн хооронд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө – замын зургийг боловсруулж тохирохыг санал болгов. Д.Х.Ахатов “энэ удаагийн уулзалт цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж байна. Манай улс эдийн засаг, нийгмийн салбарт сүүлийн 2 жилийн хугацаанд олон шинэчлэл хийж байна. Бид илүү нээлттэй болсон энэ цаг үед Монгол Улсаас ийнхүү ГХЯ-ны төлөөлөгчид хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ажил хэрэгч яриа өрнүүлж байгаа”-д баяртай байгаагаа илэрхийлэв.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, экспортыг дэмжих чиглэлд явуулж буй тус тусын бодлогыг танилцуулав. Узбекистан Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авсны дүнд ердөө нэг жилийн дотор гаднаас ирэх жуулчдын тоог нэг дахин өсгөж 5.3 саяд хүргэж чадсан туршлагаасаа танилцуулав. Хоёр улсын худалдааны эргэлт одоогоор бага хэмжээтэй боловч өсөлттэй байгааг дурдаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, машин техник, автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ зэрэг хүнсний эко бүтээгдэхүүн Монголын зах зээл рүү экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Төв Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоож хамтран ажиллахыг санал болгов. Талууд тээврийн коридоруудыг хөгжүүлэх талаар үргэлжлүүлэн ярилцахаар тогтов. Узбекистан Улс энэ онд гадаадын улс орнуудаас иргэд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, Агаарын харилцааны хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг мөн санал болгов.

Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Узбекийн музей, архивт хадгалагдаж буй түүх, соёлын өвөөс олон нийтэд танилцуулахад чиглэсэн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахыг монголын тал санал болгов. Мөн “Дэлхийд тархсан монгол өв” ном нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Рашид-Ад-Дины “Судрын чуулган” бүтээлийн перс хэл дээрх хамгийн эртний эх хувь зэргийг хувилан авч уг номонд оруулахад дэмжлэг хүсэв. Узбекийн тал эдгээр саналыг нааштай судлан үзэхээр болов.