ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕАБХАБ-ЫН БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ашхабат хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй уялдаж буй боломжит шалтгаан” сэдэвт өндөр түвшний бүс нутгийн бага хуралд оролцов.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бага хуралд оролцох үеэрээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, улс хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхдээ олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэх, мөнгө угаах болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байдаг бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр манай улстай тодорхой үр дүнтэй хамтран ажиллаж байна.