МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН V ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын V зөвлөлдөх уулзалт 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Токио хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн зарим асуудлаар мэдээлэл, санал солилцоно.

Дашрамд дурдахад хоёр улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт (PM-politico-military talks)-ыг талууд 2013 оны 1 дүгээр сард Токио, II уулзалтыг 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар, III уулзалтыг 2016 оны 1 дүгээр сард Токио, IV уулзалтыг 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулаад байна.