ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ БОЛОН “ИНЖЕНЕРС ИНДИА ЛИМИТЭД“ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон “Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Сайд Д.Цогтбаатар БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд газрын тосны үйлдвэр байгуулахад зөвлөх үйчилгээ үзүүлэх төслийн менежментийн гэрээг ойрын хугацаанд эцэслэх чиглэлээр ажиллах шаардлагатайг онцлов. Түүнчлэн гэрээг байгуулахад тулгараад буй саналын зөрүүтэй зарим асуудлуудад талууд нэгдсэн байр суурьд хүрч, цаашид яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тогтов.

“Инженерс Индиа Лимитед” компанийн санхүү хариуцсан захирал Р.К.Сабхарвал нь энэ удаагийн Монгол Улсад хийж буй яриа хэлэлцээ ихээхэн үр дүнтэй болсныг тэмдэглэж, газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг түргэсгэхэд авч хэрэгжүүлж байгаа монголын талын санал санаачилга, хүчин чармайлтыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлэв.

“Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид 4 дүгээр сарын 19-24-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллана.