Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалт 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав.

Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын захирал А.Э.Кудасов нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов. Түүнчлэн, уулзалтад Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Оросын албаны төлөөлөгчид өөр өөрсдийн нийслэлээс цахимаар холбогдон оролцов.

Уулзалтын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын даалгавар, судалгааны ажлын хамрах хүрээний талаар харилцан санал солицож, албан ёсны хамтарсан судалгааг эхлүүлэхэд шаардагдах зарим зохион байгуулалтын асуудлаар зөвшилцөв.

Талууд дэлхий нийтийг хамарсан цар тахал намжих хүртэл дараагийн уулзалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.