Энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ахмад дипломат, Шинжлэх ухааны доктор, профессор Г.Төмөрчулууны испани хэлнээ хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” ном хэвлэгдэн гарсантай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ахмад дипломат Г.Төмөрчулууныг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ахмад дипломат Г.Төмөрчулуун испани хэлнээ хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номынхоо дээжээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулан өгсөн бөгөөд сайд Д.Цогтбаатар гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ахмад дипломат Г.Төмөрчулуунд талархал илэрхийлж, түүнийг Гадаад харилцааны яамны дээд шагнал болох “Хүндэт дипломат” тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.