“ХИЛ ДАМНАСАН ЦААСГҮЙ ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Хил дамнасан цаасгүй худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн газрын Худалдааны бодлогын хэлтсийн дарга Ян Дувал болон олон улсын бусад шинжээчид, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Уулзалтын үеэр манай улсын хил дамнасан цаасгүй худалдааны техникийн болон эрх зүйн орчны бэлэн байдлын үнэлгээний тайланг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар үндэсний төлөвлөгөөний төслийг боловсруулав. Төлөвлөгөөнд Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрт нэгдэн орох, дотоод болон гадаад худалдаатай холбоотой үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын мэдээлэл технологийн системийг шинэчилж өгөгдлүүдийг харилцан уялдуулах зэрэг ажлуудыг тусгав.

Манай улс ийнхүү гадаад худалдаатай холбоотой баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох үйл явцыг түргэсгэснээр экспорт болон импортын зардал, хугацааг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломж бүрдэх юм.