Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ази тивийн сүү үйлдвэрлэл” хамтын ажиллагааны механизмын Нарийн бичгийн дарга нарын газрын нээлтийн ёслолын ажиллагаанд 6 дугаар сарын 10-ны өдөр оролцож, үг хэлэв. Уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны дарга Д.Тэрбишдагва, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар нар мөн оролцов.

Д.Цогтбаатар сайд хэлсэн үгэндээ олон талт хамтын ажиллагааны механизмын хоёр дахь төв Улаанбаатар хотноо байгуулагдаж буй нь манай улсын гадаад харилцаа, эдийн засгийн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болохыг тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын байгаль, цаг уурын онцлог нөхцөл, монголчуудын мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт технологийн давуу талыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүний брэндийг бий болгон хөгжүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох өргөн боломж байгааг мөн тэмдэглэж, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспортын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ГХЯ-ны зүгээс анхаарч ажиллаж ирснийг онцлов.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүн амын хүнсний шим тэжээлийн хэрэгцээг хангах, ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлд чухал ач холбогдолтой байдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар хэлсэн үгэндээ онцолж, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бүс нутгийн орнуудын хооронд мэдээлэл, сайн туршлага солилцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулахад Монгол Улсын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

“Dairy Asia” буюу “Ази тивийн сүү үйлдвэрлэл” нь НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагаас санаачлан 2014 онд байгуулсан, Ази тивд тогтвортой, нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой мэдээлэл солилцооны механизм бөгөөд өнөөгийн байдлаар Ази тивийн 13 улс хамрагдаж байна.