Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага(OECD)-аас 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Төв Азийн орнуудын хувийн хэвшлийн сэргэлтийг дэмжих нь” сэдэвт сайд нарын түвшний онлайн хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлэгт Афганистан, Киргизстан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан сайд, дэд сайд нар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, Ковид-19 цар тахлын  улмаас улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга зам, бүс нутгийн орнуудын сайн туршлагын талаар санал, мэдээлэл солилцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тэрбээр дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж, цар тахлын эдийн засгийн үр дагавар цаашид ч үргэлжлэхээр байгааг тэмдэглэж, энэхүү хүнд сорилтыг олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудын хамтын хүч чармайлтаар л даван туулах боломжтойг онцлон тэмдэглэв.  Тэрээр цар тахлын нөхцөл байдалд улс орнууд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээх явцад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж байна гэж үзэж буйгаа мөн илэрхийлэв.

Төв Азийн бүс нутгийн орнууд цар тахлын хүндрэлийг даван туулах, улмаар нийгэм, эдийн засгийн урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбоо, НҮБ-ын Европын эдийн засгийн зөвлөлийн зүгээс цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахыг эдгээр байгууллагын албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр илэрхийлэв.

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр явуулсан санал асуулгад хариулахдаа цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хойшлуулах, цалингийн нөхөн олговор олгох, зээлийн батлан даалтыг өргөжүүлэх зэрэг байгааг тэмдэглэв.