ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БРАЗИЛИЙН КОНГРЕССЫН ГИШҮҮН ДАВИД СОАРЕСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 5 дугаар сарын 9-нд Бразил Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ноён Давид Соаресыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хоёр талын хамтын ажиллагааг  өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, аялал жуулчлал, спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Бразилийн Конгрессын гишүүн хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн маркетингийг сайжруулах, оюутан сургах, жүдо, жюү жицү, хөлбөмбөгийн спортын чиглэлээр дасгалжуулагч, тамирчин солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Сайд Д.Цогтбаатар түүнийг Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын Найрамдлын бүлгийн гишүүнээр орж ажиллахыг урив.

Ноён Давид Соарес 2019 оны 5 дугаар сарын 10-11-нд Улаанбаатар хотноо болох “Frontier Fintech Summit 2019” олон улсын арга хэмжээнд оролцох юм.