ХБНГУ-ЫН ЗААРЛАНД МУЖ УЛСАД СУРАЛЦАХ ШИНЭ БОЛОМЖ

Германы их, дээд сургуульд орох эрхээ аваагүй монгол залуус математик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр бэлтгэл ангид элсэн орж, амжилттай дүүргэсний дараа Заарландын их сургуульд бакалавраар суралцах боломжтой боллоо.

Заарланд муж улсын их сургууль (Universität des Saarlandes) нь “Bachelor plus MINT” буюу математик, байгалийн ухааны чиглэлийн бакалаврын сургалтын олон улсын бэлтгэл ангид германы их, дээд сургуульд суралцах эрхээ аваагүй залуусыг 2018/2019 оны өвлийн семестрээс эхлэн элсүүлэхээр болжээ.

“MINT” гэдэг нь германаар “Mathematik, Informatik, Naturwissenschaft und Technik” бөгөөд англи хэл дээрх “STEM – Science, technology, engineering and mathematic” буюу шинжлэх ухаан, технологи, компьютер технологи ба математикийн ухааны сургалтын чиглэл юм.

Олон улсын бэлтгэл ангийн сургалт нийт 3 семестрээс бүрдэнэ. Тодруулбал, эхний семестрт эрчимжүүлсэн герман хэлний сургалт математик, физикийн ухааны хичээлийг зэрэг үзэж, семестрын эцэст шалгалт өгнө. Хоёр ба гурав дахь семестрт математик, сонгосон хичээл, мэргэжлийн герман хэлний хичээлээс гадна давтлага (coaching) орно.

Бэлтгэл ангийг амжилттай дүүргэсэн залуус тус их сургуулийн бакалаврын түвшний сургалтад шууд элсэн суралцана. Бэлтгэлийн сургалтын хугацаанд цуглуулсан зарим кредитыг бакалаврын түвшний сургалтад шилжүүлэх боломжийг тус сургууль олгож буй нь суралцах оюутанд бас нэгэн давуу талтай ажээ. Бэлтгэл анги нь үнэ төлбөргүй юм. Бэлтгэл ангийг амжилттай дүүргэсэн залуус зөвхөн тус их сургуульд суралцах эрхтэй бөгөөд бусад муж улсын их дээд сургуульд шилжих боломжгүй.

Заарландын их сургууль нь Хүмүүнлэгийн болон эдийн засгийн ухаан, Математик ба компьютерын ухаан, Философийн ухаан, Байгалийн ба техникийн ухаан, Хууль эрх зүйн ухаан ба Анагаах ухааны гэсэн зургаан чиглэлээр сургалт явуулдаг. Энэ их сургуульд нийт 17000 оюутан суралцдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус их сургуулийн цахим хуудаснаас авах боломжтой. https://www.uni-saarland.de/en/studies/international/studyopps/foundation-programme.html