ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК МЁН КҮГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Күг-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудалд ач холбогдол өгдөгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлоод Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачилгад БНАСАУ-ын тал ач холбогдол өгч, төлөөлөгч тогтмол оролцуулж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн ирэх 6 дугаар сарын 5-6-нд болох Улаанбаатарын яриа хэлэлцээний 6 дугаар бага хуралд өндөр түвшинд төлөөлөгч оролцуулна гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.