ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД КАТАРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 5 дугаар сарын 13ы өдөр Катар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль- Мансуриэх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр түвшний яриа хэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн онд Катар Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Катарын Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад хэргийн сайдтай уулзаж, ажил хэрэгч яриа хэлцээ явуулснаа дурдаж, уулзалтуудын үеэр яригдсан дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэх, Катар Улсын ЭСЯ-ыг Монгол Улсад нээх, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг эцэслэх зэрэг асуудлын талаар Элчин сайдтай санал солилцов.

Элчин сайд Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлээд, өндөр түвшний айлчлалхэрэгжүүлж хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн талууд хоёр орон батлан хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг санал нэгтэйгээр тэмдэглээд хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спортын салбарт хөгжүүлэх тухайлбал, Катар Улсад Монголын соёлын өдөрлөг зохион байгуулах, хоёр орны Үндэсний музей хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, Азийн хүүхдүүдспортын наадмыг зохион байгуулахад дэмжлэг авах, ХАА-н салбарт хамтран ажиллах боломжийг дүүрэн ашиглах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Сайд Д.Цогтбаатар Элчин сайдын зүгээс Монгол, Катарын харилцааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж ажилласныг талархан тэмдэглэж, Элчин сайдын цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв. Элчин сайд Султан Салмиин Аль- Мансури үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.