Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа  Варшав дахь Ази, Номхон далайн музейд 7 дугаар сарын 7-нд болов.

Нээлтийн үйл ажиллагаанд БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска, Гадаад харилцааны дэд сайд Марчин Пшидач,  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, Польшийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны товчооны захирал Витольд Жельски нар болон албаны бусад хүмүүс айлын талаас оролцов.

Польшийн талтай хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж, Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан нар болон Польшид оршин суугаа монголчуудын төлөөлөгчид оролцжээ.

Түүнчлэн Польшийн бизнес, урлаг, соёл хэвлэл мэдээллийн байгууллага, Варшав дахь зарим ДТГ-уудын  тэргүүн нар зэрэг нийтдээ 100 гаруй хүн үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирлээ.

Энэхүү үзэсгэлэнг БНПУ-д авчирч, Варшав хотод дэлгэн үзүүж польшийн олон нийтийн хүртээл болгоход  Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн, Варшав дахь Ази, Номхон далайн музейн захирал Иоанна Вашилевска нар болон эдгээр музейн хамт олон сэтгэл гарган тусалж, идэвх зүтгэл  гаргажээ.

Энэхүү үзэсгэлэн нь коронавирусын цар тахлын хөл хорио тогтоосноос хойшхи хугацаанд БНПУ-ын гадаад харилцааны салбарт хоёр талын шугамаар зохион байгуулагдаж буй, өндөр түвшний зочид төлөөлөгчид оролцсон,  анхны том арга хэмжээ болсныг польшийн тал тэмдэглэж байна. Монгол Улсын үндэсний баяр наадмын босгон дээр энэхүү үзэсгэлэнг  зохион байгуулсан нь 70 жилийн түүхтэй хоёр орны дипломат  харилцаанд польшийн тал өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл болов.