ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУРК УЛСАД АЖИЛЛАВ

Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн хүрээнд Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Туркийн Анкара, Эскишехир, Истанбул хотуудад ажиллаж Туркийн улс төр, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид Туркийн парламент, ГХЯ, ТИКА, Туркиш Эйрлайнс, Аялал жуулчлалын агентлагуудын холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцан, зарим эмнэлэг, фермээр зочлон, Туркийн Үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентийн найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан, ТИКА-гийн дэд дарга Др.Рахман Нурдун зэрэг албан тушаалтнаас ярилцлага авсан байна.

Сэтгүүлчид Туркэд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа Монгол иргэдийн ахуй амьдралтай танилцан, Истанбулд ажилладаг “Монгол ахан дүүс” төрийн бус байгууллагаар зочилжээ.  Сэтгүүлчдийн багийг “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд ахлан “Өнөөдөр”, “Өдрийн сонин”,  “Утга зохиол, урлаг” сонинууд, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, яруу найрагч Б.Баяржаргал болон  Монголын үндэсний олон нийтийн телевиз радиогийн сэтгүүлчид оролцжээ. Танилцах аялалыг Туркийн ТИКА байгууллага, Туркэд суугаа Монголын ЭСЯ хамтран зохион байгуулсан байна.