НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх сэдэвчилсэн хуралдаан, тусгай арга хэмжээ энэ 7 дугаар сарын 9-ний өдөр болов.

Дэлхийг хэрсэн “COVID-19” цар тахал хөгжиж буй улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын нийгэм, эдийн засагт хүнд цохилт болж буйг төлөөлөгчид онцолж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн эрчийг алдахгүй байх, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, хөрөнгө оруулалт, дотоод эх үүсвэрийг дайчлахад анхаарч, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх эдгээр арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, хэлсэн үгэндээ “COVID-19” цар тахлыг даван туулах, эргэн сэргэхэд хэрэгцээнд нийцсэн хариу арга хэмжээ авах, илүү уялдаа, зохицуулалттай ажиллах шаардлагатайг онцлоод, “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын замын зураглалын төсөл боловсруулж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ үеэр Байнгын төлөөлөгч В.Энхболд манай улсын санаачилгаар Улаанбаатар хотноо байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалдааны төв”-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг НҮБ-ын гишүүн улс орнууд, хөгжлийн  түншүүд, оролцогч талуудад, энэхүү судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэхийг далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриаллаа.