МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД “ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2019” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Сингапур хотноо зохион байгуулагдсан батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн Яриа хэлэлцээ” дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо төвтэй Стратеги судалгааны олон улсын хүрээлэнгийн санаачилгаар энэхүү дээд хэмжээний уулзалтыг 2002 онд анх зохион байгуулж, эдүгээ олон улсын аюулгүй байдлын томоохон арга хэмжээний нэг болж, жилээс жилд оролцох орнуудын тоо болон хэлэлцэж байгаа асуудлуудын цар хүрээ, нэр хүнд нь улам өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын батлан хамгаалахын сайд нарыг олон талт арга хэмжээний хүрээнд нэгтгэж, аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй яриа хэлэлцүүлэг явуулж, санал солилцдог онцлогтой.

18 дахь удаа зохион байгуулагдсан энэхүү дээд хэмжээний уулзалтад Австрали, АНУ, БНХАУ, ОХУ, Индонез, Их Британи, Камбож, Канад, Малайз, БНСУ, Сингапур, Тайланд, Франц, Филиппин, Шинэ Зеланд, Япон зэрэг 27 улсын Батлан хамгаалахын сайд нар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын дээд албан тушаалтнууд төдийгүй олон улсын болон улс орнуудын аюулгүй байдал судлалын байгууллагуудын эрдэмтэн, судлаач нар өргөнөөр оролцлоо. Бүс нутаг төдийгүй дэлхий дахины аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, кибер аюулгүй байдал, терроризмын талаар санал солилцов.

Дээд хэмжээний үндсэн хэлэлцүүлгүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ “БНХАУ ба Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан “АНУ-ын Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдлын хэтийн төлөв” зэрэг үндсэн илтгэлүүд олны анхаарлыг татсан. Эдгээр илтгэлүүдэд бүс нутгийн орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын бодлогын тулгамдсан асуудлуудыг тодорхой дурдаж, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлж байгаа томоохон асуудлуудаар өөрийн улс орнуудын баримталж байгаа бодлогын талаар танилцуулсан нь дээд хэмжээний уулзалтад оролцогсдын анхаарлыг илүүтэй татаж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан нь тавьсан илтгэлдээ Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны нийтлэг үнэт зүйлс, стратегийн ач холбогдол бүхий ашиг сонирхолд суурилсан түншлэлийн талаар дурдахын сацуу НҮБ дахь Монгол Улсын оролцоо, энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэв.

“Дэд бүтцийн хөгжил бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдвээр явагдсан тусгай хуралдаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүний бүс нутгийн орнууд болон Монгол Улсын аюулгүй байдалд оруулах хувь нэмрийн талаар үг хэлэв.

Мөн тус дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Батлан хамгаалахын сайд Др.Нг Энг Хэн, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан, Япон улсын Батлан хамгаалахын сайд Такаши Иваяа, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Нго Хуан Лич, Австралийн Батлан хамгаалахын сайд Линда Рэйнолд, Канадын Батлан хамгаалахын сайд Харжит Сингх Сажан нартай уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо. Түүнчлэн, НАТО-гийн Цэргийн нэгдсэн зөвлөлийн дарга, генерал Сир Стьюарт Пийчийг хүлээн авч уулзав.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд үг хэлж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь бүс нутгийн аюулгүй байдлын талаар Монгол Улсын баримталж буй бодлого, байр суурийг оролцогч улс орнуудад танилцуулж, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах чухал арга хэмжээ боллоо.  Мөн батлан хамгаалах салбарт харилцаатай орнуудын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагатай хоёр талын уулзалт хийж,  хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлст манай улсын оруулж байгаа хувь нэмрийн талаар таниулж, цаашид баримтлах бодлого, байр сууриа илэрхийлэх чухал арга хэмжээ болов.