Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан 1 сая евро олгож буйг тэмдэглэв.

Н.Энхтайван сайд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын үед Герман Улсаас Монгол Улсад тусламж олгож байгаад талархал илэрхийлээд, энэ сорилтот үед Герман Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг Элчин сайд болон Холбооны Гадаад хэргийн яамнаас хүсэв.

Талууд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй систем зэрэг Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн ашиглах хүрээнд Германы дэвшилтэт технологи бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.