МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны  Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. ДШУ-ыг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд ДШУ-ын монголын хэсгийн дарга Д.Сумъяабазар, канадын талаас Канадын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш нар даргалан явуулж, хоёр тал  улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.

Канадын Засгийн газар, ард түмэн Монголд өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж, тусалж ирсэн бөгөөд эдүгээ Канад нь Монгол дахь томоохон хөрөнгө оруулагч болсны сацуу манай улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлж байгааг монголын тал тэмдэглэв.

Талууд уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байхыг тэмдэглээд цаашид уул уурхайн салбараас төрөлжсөн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв.

Мөн Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгааг манай тал талархан тэмдэглэж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Монголд 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах (SESMIM), Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах (MERIT), төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, Монголын нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна.

Канадын зүгээс Монголд хоккейн спортыг хөгжүүлж байгааг сайшаан тэмдэглэж, цаашид өвлийн спорт болон жүдо бөхийн чиглэлээр канадтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх,  иргэд хоорондын хэлхээ холбоог соёл, спорт, солилцоогоор дамжуулан улам ойртуулах боломж байгааг тэмдэглэв.

Хоёр тал Дугуй ширээний уулзалтыг 2003 оноос эхлэн 2 жил тутамд тус тусын нийслэлд ээлжлэн зохион байгуулж  ирлээ.