2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ханой хотоос онлайнаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны Бодлого, төлөвлөлийн газрын захирал Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр манай төлөөлөгчдийн тэргүүн Ш.Одонбаатар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлэв.

Энэ удаагийн АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг COVID-19 цар тахлаас шалтгаалан анх удаагаа онлайн хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ын нийт 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Лесте, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий яриа хэлцээ хийх форум юм. Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.