ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 6 дугаар сарын 4-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Талууд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний 8 дугаар уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж,  уулзалтын үеэр ярьсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө байгаагаа нотлов.

Хоёр талын хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн салбараас гадна Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд хамтран ажиллахын чухлыг талууд тэмдэглэв. Хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн, Монголынхтой төстэй цаг агаар, газар нутагтай Канадын баруун талын мужуудтай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн тохиромжтой болохыг канадын тал онцолж, энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монгол,Канадын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлж, ялангуяа Монголын залуучуудыг Канадад суралцуулах, солилцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр даян дэлхийд энх тайван байдлыг түгээхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, үүнд нийгмийн сүлжээний давуу боломжийг ашиглах зорилгоор “Peacebook” цахим сэтгүүл гаргах санаачилгынхаа талаар танилцуулж, энэ чиглэлээр Канадын залуу судлаач, дипломатууд, судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Канадын талаас энэхүү санаачилгыг дэмжин ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Сайд нар ЗХА-ийн бүс нутгийн өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Туслах дэд сайд Д.Бобиаш нь Монгол-Канадын Дугуй ширээний уулзалтын канадын хэсгийн дарга бөгөөд мөн 6 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо эхлэх ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын VI Бага хуралд оролцох юм.