“ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VI БАГА ХУРАЛ ЭХЛЭВ

“Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал өнөөдөр буюу 6 дугаар сарын 5-нд эхэлж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ энэ жилийн бага хуралд оролцож буй олонх улс, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн түвшин ахисан хэдий ч өмнө нь оролцохоо илэрхийлж байсан боловч сүүлийн цаг мөчид уламжлалт оролцогчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь энэхүү бүс нутаг дахь яриа хэлэлцээний өнөөгийн төвөгтэй байдлын илрэл юм гэв.

Сайд Д.Цогтбаатар цааш нь Зүүн хойд Азид олон арван жилийн туршид хуримтлагдсан үл итгэлцлийг даван туулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижуулж, сая сая энгийн ард иргэдийн энх тунх амьдрал, аюулгүй байдлыг хангах үүднээс яриа хэлэлцээний ярвигтай нөхцөлд ч дараагийн шатны хэлэлцээг  үргэлжлүүлэх энх тайванч хүсэл эрмэлзлээсээ няцахгүй байхын чухлыг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлын нээлтэд хүргүүлсэн илгээлтийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Уг илгээлтэд энэ жилийн хурлаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын төлөв, боломж, сорилтуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа нь тэмдэглүүштэй гэв.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн судалгаагаар манай улс 200 гигавaтт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүчийг үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох боломжтойг тогтоосон болохыг дурдаад эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон зах зээлийг бий болгох үүднээс бүс нутгийг хамарсан байгууллага байгуулахаар Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад улс, байгууллагатай хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэв.

Бага хурлын нээлтийн хуралдаанд Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Доналд Бобиаш, ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, БНСУ-ын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Лим Са Хүн,   ХБНГУ-ын Холбооны ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Зүүн Ази, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн орнууд хариуцсан хэлтсийн дарга Хеннинг Симон, БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх Чөнь Шаочунь, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер нар үг хэллээ.

Мөн НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.ди Карлогийн илгээлтийг НҮБ-ын Улс төрийн газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга П. Дүэ хурлын нээлтэд уншиж танилцуулав.

Гадаад харилцааны яам, Стратегийн судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэ бага хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг бүс нутгийн улс хийгээд АНУ, ХБНГУ, ИБУИНХУ, Канад, Нидерланд, Норвеги, Франц, Швейцарь, Европын Холбоо зэрэг түнш орны Засгийн газрын төлөөлөгчдийн зэрэгцээ НҮБ-ын системийн байгууллагууд, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэн, ОХУ-ын Стратеги судалгааны хүрээлэн, БНСУ-ын Сэжүн хүрээлэн, Дэлхийн эрчим хүчний харилцаа холбооны хөгжил, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллага, судалгааны хүрээлэн болон дотоодын төр, хувийн хэвшлийн нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байна.