ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ М.ТАМУРА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй  “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд оролцож буй Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дэд захирал М.Тамура тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутгийн  асуудлаар санал солилцов.

М.Тамура бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад монголын талын оруулж буй хувь нэмэр, түүний дотор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, уг санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бүс нутагт холбогдох талууд хоорондын яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцан итгэлцлийг  гүнзгийрүүлэхэд Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө буйгаа нотолж, эл чиглэлд японы талтай нягт хамтран ажиллах эрмэлзэл илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, бүс нутаг дахь хоёр талын болон олон талт ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов.