“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VI БАГА ХУРЛЫН 1 ДҮГЭЭР СУВГИЙН ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын 1 дүгээр суваг буюу Засгийн газрын төлөөлөгчдийн Дугуй ширээний уулзалт 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Дугуй ширээний уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн даргалав. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтад бүс нутгийн БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон, яриа хэлэлцээний түншүүд болох АНУ, Британи, Канад, Нидерланд, Норвег, ХБНГУ, Франц, Швейцар, Европын Холбоо болон НҮБ-ын төлөөлөгчид оролцов.

Дугуй ширээний уулзалтаар Солонгосын хойг болон түүний эргэн тойрон дахь сүүлийн үеийн нөхцөл байдалд талууд өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өгч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг урагшлуулах арга замын талаар харилцан санал солилцов.