“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” БАГА ХУРЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын эрчим хүчний салбар хуралдаан “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” сэдвээр 6 дугаар сарын 6-ны өдөр болов.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Европын Холбоотой хамтран зохион байгуулсан уг хуралдааны эхний хэсэгт Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын хэтийн төлвийг хэлэлцэж, хил залгаа орнуудтай тогтоосон эрчим хүчний харилцаа холбооны хүрээнд сүүлийн үед өрнөсөн үйл явцыг танилцуулав. Бүс нутгийн орнуудыг эрчим хүчний нэгдсэн системд холбох нь техник болон эдийн засгийн хувьд үндэслэлтэй хийгээд бүрэн боломжтой хэмээгээд улс төрийн дэмжлэг болон зохицуулалтыг уялдуулах шаардлагатай байгааг оролцогчид санал нэгтэй тэмдэглэв.

Хуралдааны хоёр дахь хэсэг “Европын эрчим хүчний хамтын ажиллагааны туршлага” сэдвийн дор явагдан Европын Холбооны мэргэжилтэн, судлаачид Европ тивийг хэрхэн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулан илтгэл тавив.

Мөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүс нутгийн байгууллага байгуулах санаачлагыг хэрэгжүүлэх зорилготой хамтарсан мэдэгдлийн төслийг БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн түвшинд хэлэлцэв.