“ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VI БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨВ

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал хоёр өдрийн турш бүс нутгийн болон бусад улс орны эрдэмтэн судлаачид, засгийн газрын төлөөлөгчдийг хамруулан 1.5 дугаар сувгийн түвшинд үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Олон улсын VI бага хуралд оролцсон төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчны боломж ба сорилтууд, бүс нутаг дахь хамтын ажиллагаа ба өрсөлдөөний динамик, дэд бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих, гамшгийн нөхцөл дэх хүмүүнлэгийн сорилт, бэрхшээлүүд,  энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд залуучуудын оролцоог дэмжих зэрэг асуудлын хүрээнд хэлэлцэв.

Уг бага хурлыг хааж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлсэн үгэндээ дэлхийн томоохон улсуудын стратегийн өрсөлдөөн Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын нөхцөл байдлыг тодорхойлж байдаг. Энэ онд бүс нутгийн улс орнуудын хоорондох хоёр болон гурван талт хамтын ажиллагаа эрчимжиж байгаа боловч ерөнхий нөхцөл байдал тогтворгүй, хувирамтгай, өрсөлдөөн тэмцлээр дүүрэн хэвээр байна. Энэ нөхцөлд хоёр талын яриа хэлэлцээнээс гадна “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, Зургаан талт яриа хэлэлцээг сэргээх зэргээр олон талт арга хэмжээний үүрэг, ач холбогдол буурахгүй байна гэж оролцогчид үзлээ. Тиймээс бид “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний  дараа дараачийн олон улсын бага хуралд дэд бүс нутгийн бүх орон, түнш, талуудыг урьдын адил татан оролцуулахыг чармайх болно гэсэн юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Европын Холбоотой хамтран Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, эл асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн нь энэ жилийн хурлын нэг онцлог байлаа. Хуралдааны оролцогчид Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн улсуудын үйл ажиллагаа болон Европын Холбооны туршлагатай танилцаж, улмаар бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн тогтолцоо байгуулах асуудлыг улсууд тус тусын бодлого, зохицуулалтаар дэмжих хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүс нутгийн байгууллага байгуулах санаачлагыг хэрэгжүүлэх зорилготой хамтарсан мэдэгдлийн төслийг БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн түвшинд хэлэлцсэн юм.

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд дээр дурдсан Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсаас гадна яриа хэлэлцээний түншүүд болох АНУ, Британи, Канад, Нидерланд, Норвеги, ХБНГУ, Франц, Швейцарь, Европын Холбоо, мөн НҮБ-ын системийн болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач нийт 200 гаруй хүн оролцлоо.