МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.