МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ НОМ АНГЛИ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРНА

Сэтгүүлч, кино найруулагч, зохиолч Д.Төрмөнхийн бичсэн “Mиний мэдэх Женко Баттулга” ном англи хэлээр хэвлэгдэн гарна. “Миний мэдэх Женко Баттулга” номыг Сингапурын “Penguin Random House” хэвлэлийн газар анхны бөгөөд цорын ганц албан ёсны эрхтэйгээр 2019 оны сүүлээр Монголоос Англи хэл рүү орчуулан гаргахаар болов.

“Penguin Random House” нь үндэстэн дамнасан хэвлэлийн томоохон компани ба Сэтгүүлч, кино найруулагч, зохиолч Д.Төрмөнхийн “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх Женко Баттулга” номыг хэвлэн дэлхийн олон оронд худалдах гэрээ байгуулаад байна.

“Нохойн орон”, ‘Талын хот” зэрэг кинонуудыг бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кино зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко Баттулга” намтарчилсан хөрөг номыг 2015 онд туурвисан билээ. Тэрбээр “Магадгүй түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ. УИХ-д гурван удаа сонгогдоод байгааг нь ч, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байсныг нь ч. Монголын Ардчилсан Холбооны дарга, бас Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдгийг нь ч. Монголоос Жүдо бөхийн олимпийн анхны аварга төрөхөд энэ хүний хүчин зүтгэл их байсныг ч мэднэ. Халтмаагийн Баттулга гэж яг хэн бэ? Их эзэн Чингис хааныхаа морьт хөшөөг өөрийн хөрөнгөөр босгож, одоо Их Майдар гэх нэртэй “Эко хот” байгуулах ажил сэдээд явж байгаа энэ хүний жинхэнэ төрх, өнөөдрийг хүртэл туулж ирсэн зам нь юу байв? Түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээн уг номондоо бичсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдлээ хэлэхдээ, “Penguin Random House хэвлэлийн компани нь анх удаа Монголын зохиолчийн номыг дэлхий дахинд олны хүртээл болгохоор гэрээ байгуулж буйд Монгол Улсын төрийн тэргүүний хувиар сэтгэл хангалуун байна. Ирээдүйд олон Монгол зохиолчид гадаад оронд өөрийн бүтээлээ хүртээл болгохыг хүсэхийн сацуу бүтээлч зохиолч Д.Төрмөнхдөө ажлын өндөр амжилт хүсье” хэмээн дурдав.

Харин  Сэтгүүлч, кино найруулагч, зохиолч Д.Төрмөнх ийнхүү гадаадын томоохон хэвлэлийн компанитай хамтран ажиллах болсон талаар дурдахдаа, “Монголын ард түмэн уран зохиолын арвин түүхтэй, Penguin Random House-тэй хамран ажиллах замаар Зүүн Өмнөд Азийн уншигчдад зориулж миний хоёр номыг нийтлэх болсонд туйлын их баяртай байна. Эдгээр хоёр ном нь Монголчуудын нийгмийн шилжилтийн үеийг илүү дэлгэрэнгүй баримтжуулж харуулсан бүтээл юм” хэмээн онцоллоо.

Дашрамд дурьдахад  “Penguin Random House” компани нь  дэлхий даяар 10,000 орчим ажилтан, 250 салбар нэгжтэй, жил бүр 15,000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг шилдэг байгууллага юм.