МОНГОЛ, БОЛГАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болж өндөрлөв.

Комиссын хуралдаанд оролцсон манай төлөөлөгчдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, комиссын монголын хэсгийн дарга Ё.Баатарбилэг, болгарын талыг Эдийн засгийн сайд, комиссын болгарын хэсгийн дарга Эмил Караниколов нар тус тус тэргүүлэн оролцов.

Хуралдаанаар Монгол, Болгарын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх төлвийн талаар хэлэлцэв. Өнөөдөр Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 7 дугаар хуралдааны Протоколд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд,  комиссын монголын хэсгийн дарга Ё.Баатарбилэг, Болгарын Эдийн засгийн сайд, комиссын болгарын хэсгийн дарга Эмил Караниколов нар гарын үсэг зурав.